ХДХВ/ДОХ гэж юу вэ?
Хүний Дархлал Хомсдолын Вирус гэж юу вэ?
ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус ба ДОХ өвчнийг үүсгэгч Вирус юм. Энэ вирус нь ретровирусууд хэмээх бүлэгт хамаарагддаг. ХДХВ нь хүний эсэд халдварлаж, түүний энерги болон тэжээлийг нь сорон өсч үрждэг.
ДОХ гэж ямар утгатай үг вэ?
Дархлалын: Хамгаалагдсан гэсэн утгатай. Хүний биеийн дархлалын тогтолцоо нь
аливаа өвчний эсрэг хамгаалалт нь юм.
Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
Хомсдол: Ямар нэгэн зүйл дутагдсан, хангалтгүй байна гэсэн утгатай бөгөөд дархлалын
хомсдол гэдэг нь хүний биеийн дархлалын тогтолцооны аливаа өвчнийг
эсэргүүцэн хамгаалах чадвар суларсаныг илэрхийлнэ.
Хам шинж: Аливаа бүлэг зүйлийн цогц, нэгдэл гэсэн утгатай ба энэ тохиолдолд өвчин
эмгэгүүд юм.
ДОХ буюу Дархлалын Олдмол Хомсдолд орох үед хүний биеийн дархлааны тогтолцоо эвдэрч гэмтэх ба ийнхүү дархлаа буурсанаас “дагалдах халдвар” гэж нэрлэгддэг зарим халдварууд болон бусад өвчинтэй тэмцэх чадваргүй болдог.
Хүн ХДХВ-ын халдвар авсан үед вирус нь хүний биед нэвтрэн орж, голчлон цусны цагаан эсэд амьдарч үржиж эхэлдэг. Эдгээр эсүүд нь биднийг элдэв өвчнөөс хамгаалж байдаг дархлааны эсүүд билээ. ХДХВ-ын халдварын онцлог нь дархлааны эсийн өвөрмөц хэлбэр болох Т-хелпер буюу СД4 эс гэж нэрлэгддэг эсүүдийг ихээр сөнөөдөг.
Вирус нь өсөн үржсэнээр тэдгээр нь бусад эсүүдийг сүйтгэх буюу гэмтээж, дархлалын тогтолцоог сулруулан, хүнийг хатгаанаас авхуулаад хорт хавдар хүртлэх янз бүрийн дагалдах халдвар ба бусад өвчнүүдэд өртөмтгий болгодог. Хэрвээ хэн нэгэн ХДХВ-ын шинжилгээ “эерэг” гарсан, дээр нь дараах эмгэг байдлуудын аль нэг нь эсвэл хавсран илэрсэн бол ДОХ гэсэн эмнэл зүйн онош тавина гэж АНУ-ын Өвчнийг Хянах болон Урьдчилан сэргийлэх Төвөөс тодорхойлжээ.
ДОХ-той холбоотой нэг болон хэд хэдэн халдварууд ба өвчнүүд илэрсэн
Нэг куб мм цусан дахь СД4 эсийн тоо 200 -гаас доош буурсан, / Т- эсийн тоолуураар хэмждэг/
Эрүүл хүнд СД4 эсийн тоо нормдоо 450-1200 байдаг.
ХДХВ-ын халдвартай хүмүүст ДОХ өвчин хэр хурдан үүсэх вэ?
Зарим хүмүүст ХДХВ-ын халдвар авсны дараахан Т эс буурч, дагалдах халдварууд илэрснээр ДОХ өвчин хурдан тусах нь бий. Ихэнхи хүмүүст 10-12 жилийн туршид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр явагдах ба цөөн зарим нь түүнээс ч урт хугацаанд хэвийн байдаг. Ихэнх бусад өвчний нэгэн адил эмнэлгийн тусламж эрт авах нь өвчний даамжрах явцыг сааруулж, хүний амьдралын хугацааг уртасгахад тустай.
ХДХВ хэрхэн халдварладаг вэ?
ХДХВ-ын халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүү зэрэг биеийн шингэнүүдэд вирус агуулагдаж байдаг. Иймд зөвхөн эдгээр ХДХВ-ийн халдвартай шингэнүүд өөр хүний цусны урсгалд орох нөхцөлд л вирус дамжин халдана. Ийм маягаар халдвар хүний биед шууд нэвтрэн орж болох үүд хаалга гэвэл үтрээ, шулуун гэдэс, амны салст бүрхэвч болон эр бэлэг эрхтэний сүвээр; судсаар тариа хийхэд; арьсан дээрх шарх шалбархай зэрэг юм.
ХДХВ нь ихэнхидээ дараах замуудаар дамжина:
- ХДХВ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох / үтрээгээр болон шулуун гэдсээр/
- ХДХВ-ын халдвартай хүнтэй амаар хамгаалалтгүй хавьтах
- ХДХВ-ын халдвартай хүнтэй зүү тариураа дамжуулан хэрэглэх
- Жирэмсэн болон төрөх үед, эсвэл хөхний сүүгээр халдах / эхээс хүүхдэд дамжих халдвар/
- ХДХВ нь нэг хүнээс нөгөөд амархан халдварладаг вирус биш. Энэ нь хоол хүнс болон агаараар /ханиах, найтаах гэх мэт/ дамждаггүй. Халдвартай хүний гэрийнхэн, хамаатан садан, хамт ажиллагсад болон найз нөхөд нь тэдэнтэй нэг тогооноос хооллож, ариун цэврийн өрөөгөө хамт хэрэглэж тэвэрч үнсэх зэргээр өдөр тутам харьцаж байхдаа халдвар авсан тохиолдол нэг ч гараагүй. / Ихэнхи эрдэмтэд Франц маягийн үнсэлт буюу удаанаар озон үнсэлцэх үед ХДХВ-ын халдвар дамжиж болох юм гэж үздэг ч энэ нь бараг л боломжгүй юм/
- Донорын цусанд ХДХВ-ын шинжилгээ хийснээр цус сэлбүүлэх үед ХДХВ-ын халдвар авах эрсдлийг үндсэндээ устгаад байна. (Цусны төвүүд болон донорын цус цуглуулдаг газруудад цусаа өгснөөс болж та ХДХВ авахгүй.) Хөлс, нулимс, бөөлжис, хүний өтгөн шингэн ялгадас зэрэгт ХДХВ ямар нэг хэмжээгээр агуулагддаг боловч эдгээрээр бусдад ХДХВ-ын халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна (хүний өтгөн ялгадасаар арьсны ил шархаар дамжин халдварласан 2 тохиолдлыг эс тооцвол). ХДХВ нь шумуул, нохой бөөс болон бусад төрлийн шавьжаар дамжин халдварладаггүй.
Хэрэв та бэлгийн идэвхитэй үйл ажиллагаанд орсон бол, аюул багатай секс хийж ХДХВ-ын халдвараас өөрийгөө хамгаалаарай. Бэлгийн харьцаанд орох бүрдээ бэлгэвч хэрэглэ (амаар секс хийх үед хэрэглэхэд зориулсан "dental dam" хэмээх латексэн бүрхүүл байдаг). Бэлгэвчийг тогтмол бөгөөд зөв хэрэглэж чадвал элдэв өвчин авах эрсдлээс таныг үнэнхүү үр дүнтэй хамгаалж чадна.
Гэвч дараах зүйлсийг анхаарна уу:
- Зөвхөн латексаар хийсэн бэлгэвчийг л хэрэглэ. Бусад эдээр хийсэн бэлгэвч ХДХВ-ээс хамгаалах чанар муутай.
- Зөвхөн усан суурьтай тосолгоо (любрикент) хэрэглэ. Вазелин, биеийн болон гарын тос зэрэг тосон суурьтай тосоор тослох юм бол бэлгэвчийн чанар муудаж, ямар ч ашиггүй болдог. (Латексын харшилтай хүмүүс полиэтилин бэлгэвчийг тосон суурьтай тосолгоотой хэрэглэж болно.)
- Бэлгийн хавьталд орох бүрдээ хамгаалалт хэрэглэ.
- Шаардлагатай бол латекс бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэх талаар эмч, сувилагч, эрүүл мэндийн сургагч нарт хандан, зөвлөгөө ав.
Ямар нэг төрлийн мансууруулах бодис тарьж хэрэглэдэг бол зүү тариураа хэн нэгэнтэй дундаа дамжуулан хэрэглэж хэрхэвч болохгүй. (Ядаж л хэрэглэсэн зүү тариурыг ариутгалын бодисоор ариутгавал ХДХВ-ын халдвар дамжих эрсдэл багасна). Хэрэв биеийнхээ аль нэг хэсгийг цоолох, эсвэл шивээс хийлгэхийг хүсч байгаа бол мэргэжлийн хүнээр ариутгасан багаж хэрэгслээр хийлгэх нь амин чухал.
ХДХВ ба бусад БЗХӨ-нүүд хоорондоо холбоотой юу?
Бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчтэй байх нь таны ХДХВ авах, тараах эрсдлийг нэмэгдүүлнэ. Арьс салст дээр ил шарх, шалбархай үүсгэдэг (тэмбүү, бэлгийн хомхой г.м өвчин) болон үүсгэдэггүй (хламид, заг хүйтэн г.м) БЗХӨ-нүүд аль аль нь үүнд хамаатай. Арьс салст гэмтсэн үед ХДХВ биед илүү амархан нэвтрэн орж, гарч болно. Арьсан дээр шарх шалбархай үүсээгүй хэдий ч БЗХӨ -нүүд хүний биед биологийн өөрчлөлт оруулдгаас ХДХВ амархан халдварлах нөхцлийг бий болгодог. ХДХВ-ын халдвартай, дээрээс нь ямар нэгэн БЗХӨ-тэй хүмүүс бэлгийн замаар ХДХВ авах, бусдад халдаах магадлал 3-5 дахин нэмэгддэг нь судалгаагаар нотлогджээ.
Бэлгийн хавьтлаар ХДХВ-ын халдвар авахаас сэргийлэх өөр аргууд байдаг уу?
Эрэгтэй бэлгэвч л ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжихаас сэргийлэх түгээмэл, өргөн хэрэглэгддэг хамгаалалт юм. Эмэгтэй бэлгэвч нь түгээмэл хэрэглээ болж хараахан чадаагүй байгаа бөгөөд үнэ нь ч харьцангуй өндөр байна. Гэхдээ хөгжиж буй зарим орнуудад эмэгтэй бэлгэвчийн хэрэглээ өсөж байна.
Зарим хүмүүс ХДХВ-ын халдвар авах эрсдэл нь бусдаас илүү байдаг уу?
ХДХВ хүмүүсийг ялгаварладаггүй. ХДХВ-ын халдвар авах эсэх нь та хэн бэ гэдгээс чинь биш, харин ХДХВ-ын халдвар авахад хүргэж болох үйлдлээс чинь шалтгаалдаг. Дэлхий нийтэд, ХДХВ-ын халдвар тархаж буй гол зам нь бэлгийн хавьтал хэвээр байгаа хэдий ч сүүлийн үед мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэх явдалтай шууд болон шууд бусаар холбоотойгоор, тухайлбал вирус агуулсан бохир зүү тариурыг дамжуулан хэрэглэх, эсвэл мансууруулах бодис хэрэглэгчтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох замаар маш олон хүн ХДХВ-ын халдвар авч байна.
Эмэгтэйчүүд ХДХВ-д илүү өртөмтгий байдаг уу?
Барууны орнуудад, халдвартай эрэгтэйтэй үтрээгээр бэлгийн хавьталд орсон эмэгтэйчүүд, халдвартай эмэгтэйтэй бэлгийн хавьталд орсон эрэгтэйчүүдтэй харьцуулбал, халдвар авах магадлал нь 4 дахин их байна. Эмэгтэй хүний биологийн онцлогоос шалтгаалсан энэхүү өртөмтгий байдал, дээр нь нь бэлгийн харьцаанд орохоос татгалзах, бэлгэвч хэрэглэх талаар зөвшилцөх эмэгтэйчүүдийн чадварыг мөхөсдүүлж буй нийгмийн болон ёс заншлын хүчин зүйлүүд өртөмтгий байдлыг улам даамжруулж байна.
ХДХВ/ДОХ-ын эмчилгээ байдаг уу?
Олон жилийн турш, ДОХ-ын эсрэг үр дүнтэй эмчилгээ байдаггүй байлаа. Өнөөдөр ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг эмчлэх нэлээн хэдэн эм гараад байна. Эдгээрийн зарим нь ХДХВ/ДОХ-той хүмүүст тусдаг зарим дагалдах халдвар болон өвчнүүдийг эмчлэх эмүүд байдаг. Мөн ХДХВ-г үржиж, хүний дархлалын системийг устгахыг зогсоон, саатуулах үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмүүд байдаг.
Одоо эрдэмтэд ХДХВ-г хүний дархлалын системд нэвтрэн орж, халдварлуулахаас сэргийлэх шинэ эмүүдийг гаргаж авахаар ажиллаж байна.
гдал, склероз зэрэг аюулт олон өвчнийг анагаахад ч ихээхэн ач тустай зүйл болох юм.
ДОХ төгс эмчлэгдэх үү?
ДОХ төгс эмчилгээгүй хэвээр л байна. Шинээр гарган авч байгаа эмүүд нь ХДХВ/ДОХ-той хүмүүст өвчнийг нь хүндрүүлэлгүй, бага хэмжээнд барин, наслалтыг нь уртасгахад туслаж байгаа боловч мөн үүнтэй холбоотой олон тулгамдсан асуудал гарсаар байна.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх тарилга байдаг уу?
Хэдийгээр асар их хүчин чармайлт гаргаж байгаа ч, ДОХ-ын эсрэг үр дүнтэй, найдвартай, хямд төсөр вакцин гаргаж автал наад зах нь 10-аад жилийн зай байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийм вакцинийг гаргаж авлаа ч, ХДХВ-ын халдвар авах эрсдэлтэй олон сая хүмүүсийг дэлхий нийтээр вакцинжуулахад бас олон жил шаардагдана. Тэр болтол, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх бусад аргууд буюу бэлгэвч хэрэглэх, зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэх нь амин чухал хэвээр байх болно.
Хүнийг гаднаас нь хараад ХДХВ/ДОХ-той эсэхийг нь мэдэж болох уу?
Хүнийг гаднаас нь хараад ХДХВ-ын халдвар авсан, эсвэл ДОХ-той гэдгийг мэдэх боломж байхгүй. Халдвар авсан хүн харахад цоо эрүүл мэт байж болно. Гэхдээ ямар ч шинж тэмдэг илрэн гараагүй ч, нэгэнт халдвар авсан хүн бүр үүнийгээ бусдад тараах боломжтой.
ДОХ хэнийг ч ялгаварладаггүй.
ДОХ хэнд ч тусч болно гэдгийг сана.
ДОХ хэнтэй ч тааралдаж болно.
No comments:
Post a Comment